Зөвлөгөө

Хэрэв та хоёрын харилцаанд дараах шинжүүд ажиглагддаг бол, бие биедээ төгс итгэдэг хосууд юм

0

Хосуудын харилцааны мэргэжилтэн Тим Лотт хэлэхдээ жаргалтай хос болоход шаардлагатай гурван чухал зүйл байдаг: харилцаа холбоо, хүндлэл, итгэлцэл хэмээжээ. Тэрээр итгэлийг хамгийн хэцүү гэж нэрлэсэн. Хоёр биендээ итгэж чадна гэдэг хосуудаас шаардах хамгийн чухал болоод хэцүүхэн үүрэг. Гэхдээ сайтар ярилцаад, өөрийгөө хүчлээд ч болов нэг нэгэндээ итгэдэг болчихсон байхад хосуудын амьдрал хэчнээн амттай, аз жаргалаар бялхам дүүрэн гээч… Харин таны хайр дурлалын харилцаа ямар вэ? Та хоёр бие биедээ бүрэн итгэж чаддаг уу? Хэрэв энэ асуултанд хариулж чадахгүй байгаа бол доорх шинжүүдийг сайтар уншиж, та хоёр байгаа эсэхийг өөрөөсөө асуу.

1. Өөрийнхөөрөө, өөрөөрөө байхаас айдаггүй

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, хосуудын харилцааг төсөөллийн болон байгалийн гэж ангилж үздэг. Төсөөллийн харилцаа нь ихэвчлэн шинэхэн хосуудад тохиолддог бөгөөд урт удаан хугацааг хамтдаа өнгөрүүлсэн боловч ийм харилцааны хэв маягтай хосууд ч байдаг. Энэ нь хайртынхаа дэргэд сайн, төгс хүн болж харагдах гэж дүр эсгэдэг харилцааг хэлнэ.

Байгалийн харилцааны хувьд өөрийнхөөрөө байхаас айдаггүй, ямар нэгэн баг зүүдэггүй. Нэгнээ байгаагаар нь хүлээж авах бөгөөд төгс байхыг хэзээ ч шаардаж, шүүмжлэхгүй.

Нэг нэгэндээ итгэдэг, төгс гэж хэлж болохуйц хосуудын нэгээхэн шинж нь бие биенийхээ өмнө дүр эсгэдэггүйд оршино. Нэгнийгээ ямар гэдгийг хэдийн тун сайн мэдэх учир хоорондоо маш сайн зохицдог. Тэр хүндээ итгэдэг болохоор санаа зовох зүйлгүй өөрийнхөөрөө байдаг.

2. Өнөөдөр тохиолдсон бүхнээ орой нь ярьж өгнө

Урт өдрийн турш танд юу тохиолдсон, юу болсон зэргээ бүгдийг нь хайртдаа нэг бүрчлэн ярьж өгнө. Танд ямар бодол төрсөн, ямар мэдрэмж гарч ирсэн гээд л ам хуурайгүй хоорондоо ярьж суусаар цаг явж өгснийг ч анзаарах сөхөөгүй. Яг л хамгийн сайн найзтайгаа ярилцаж суугаа мэт мэдрэмжийг авч, хамт байхад хамгийн дулаахан, хамгийн итгэж болох хүнтэйгээ хамт байгаа мэт санагдана.

3. Өнгөрсөн дэх хэцүү өдрүүдийнхээ тухай хуваалцаж ярьна

Энэ нь таны эцэг эхтэй холбоотой асуудал, өнгөрсөн хүндхэн харилцаа эсвэл бусдаас мэдэрсэн таагүй мэдрэмж ч байж болно. Олон жилийн турш сэтгэлийнхээ ёроолд хадгалсаар байсан хар бараан нууцаа хүртэл түүнд л дэлгэж болмоор санагдана. Айж эмээлгүйгээр бүхнээ ярьж сэтгэлээ онгойлгоод, түүнийхээ дулаан тэврэлтэд сэтгэлээ ариусгаад, хоёр биенээ улам ихээр хайрлаж эхэлнэ.

4. Банкны нууц үгээ нуудаггүй

Банкны нууц үгээ хуваалцана гэдэг тухайн хосууд нэг нэгэндээ хэчнээн итгэдэг болохыг харуулна. Хэн нэгэн нь нууц дансандаа мөнгөө хадгалж, ирээдүйд өөртөө хэрэглэнэ гэж онцгүй санаа гаргахгүй, гаргах шаардлагагүй. Учир нь тэд хэн хэнийхээ хүсэл сонирхлыг сонсож, шийдвэр гаргадаг.

5. Нэг нэгнээ хянадаггүй

Хосууд нэгнийгээ хянаж цагдаж эхэлсэн тэр цагаас тэдний харилцаа асуудалтай болж эхэлнэ. Гэрээс гарсан даруйд л хаана юу хийж байгааг асууж, хэзээ ирэх вэ гэж цаг тутамд зурвас илгээнэ. Ийм харилцаанаас болж хосууд бие биедээ худал ярьж эхлэх бөгөөд итгэлцэл гээч зүйл ямар ч утга учиргүй болох юм.

Харин эсрэгээрээ нэг нэгэндээ итгэж, хувийн орон зайг нь хүндэтгэж чаддаг хосуудын харилцаа маш бат бөх байх төдийгүй өн удаан жил аз жаргалтайгаар үргэлжилнэ.

6. Сошиал хаягаа нэгнээсээ нуух шаардлага гардаггүй

Сошиал сүлжээ нь хосуудын салалт, маргааны гол үндэс суурь болдог болсон. Гэхдээ та утсаа хайртаасаа нууж, энд тэнд тавих шаардлага гардаггүй бол та хоёрын итгэлцэл үнэхээр өндөр шатанд очжээ. Тэр миний утсыг шалгах болов уу гэх айдасгүй, түүний утсанд юу байгаа бол гэх хардалтгүй…

7. Зөвхөн сайн сайхан биш, муу муухайг ч хуваалцана

Бүх зүйлс буруугаар эргэж, шаналах шантрах үе бидэнд элбэг тохиолдоно. Хэрэв та ханьтайгаа энэ талаар ярилцахад нээлттэй байгаа бол энэ нь та түүнд итгэж байна гэсэн үг юм. Тэр намайг юу гэж бодох бол, намайг арчаагүй амьтан гэж бодох вий дээ, намайг жигшиж үзэн ядах вий гэх айдасгүйгээр сэтгэлээ онгойтол ярьж чадна гэдэг таны хувьд ялалт юм.

bright.mn™

Та эдгээр зүйлсийг ямар зориулалттайг нь мэдэх үү?

Previous article

Энэ дэлхий дээр 2 төрлийн хүмүүс байдгийг нотолсон 15 зураг

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн