Зөвлөгөө

Гэртээ хялбархан хийж болох Солонгос хоол болон амттай хачирны жорууд

0

1. Галбитанг – Үхрийн богино хавиргатай шөл

ОРЦ:

  • Үхрийн хавирга 1 кг
  • Ус 1,5 литр
  • Сонгино 1 ширхэг
  • Улаан лууван 1 ширхэг
  • Сармис 1 ширхэг
  • Өндөгний шар 2 ширхэг
  • Давс 1/2 цайны халбага
  • пүнтүүз 180 гр
  • Ногоон сонгино 20 гр
  • Халуун чинжүү 2 цайны халбага
  • Ургамлын тос 2 цайны халбага
  • Сой соус 2 цайны халбага

ХИЙХ АРГА:

1. Үхрийн богино хавиргатай махыг хүйтэн усанд 2-3 удаа угааж цэвэрлэнэ. Ингэснээр махны цус болон элдэв бохирдлыг цэвэрлэнэ.

2. Ингээд үхрийн хавиргыг усанд хийж 10 минут буцалгана.

3. Үүний дараа хавиргыг шөлнөөс гаргаж цэвэр усаар сайтар зайлж угаана. Шөлийг султгаж савыг сайтар цэвэрлэнэ.

4. Ингээд хавирга, сонгино, улаан лууванг хийгээд 12 аяга ус хийнэ. Сонгино, улаан лууванг угааж цэвэрлээд бүтнээр нь хийнэ. Тохируулан давслаарай.

5. Ингээд дунд зэргийн гал дээр 1 цаг буцалгаад зөөлөн гал дээр дахин 30-40 минут буцалган. Буцлах явцад шөлөн дээр тунасан өөх тосыг сайтар шүүж авч хаяарай.

6. Үүний дараа үхрийн хавирга чанасан шөлнөөс өөр саванд тасдан авч пүнтүүз гоймонг зөөлөртөл нь чанаж болгоно. Чанахдаа сармисыг жижиглэн хэрчиж шөлөнд хийж амтлан чанаарай.

7. 2-3 ширхэг өндөгний шарыг ялган авч миксэрдээд 1-2 чимх давсаар амтлаад тослож халаасан хайруулын тавганд жигд гоожуулан хийнэ.

8. Зөөлөн гал дээр тал талаас нь 1 минут орчим хайрна.

9. Үүний дараа хайруулын тавагнаас гаргаж хөргөөд урт нарийн болгон хэрчинэ.

10. Чанасан хавирга, сонгино, улаан лууванг шөлнөөс нь шүүж гаргана.

11. Сонгиныг хаяж, улаан лууванг хазах хэмжээгээр хэрчээд хавиргатай холиод халуун чинжүү, ногоон сонгино, сой соус, 2 цайны халбага ургамлын тосоор сайтар амтлаж хутгана.

12. Ингээд пүнтүүзтэй шөл болон шүүж тависан шөлийг махан дээр хийж зөөлөн буцалгана.

13. Буцалсны дараа хэрчсэн өндгийг хийгээд галын хэмийг унтраагаарай.

14. Ингээд амтат галбитанг бэлэн боллоо. Амтархан зооглоорой.

2. Чеюг Букким

ОРЦ:

  • Чеюг Букким сүмс 150-200 гр
  • Гахайн мах 350 гр
  • Чинжүү 2 ширхэг
  • Бөөрөнхий сонгино 1 ширхэг
  • Сармисны гол 60-70 гр
  • Ургамлын тос 1-2 хоолны халбага

ХИЙХ АРГА:

1. Манайхан дотооддоо түгээмэл солонгос хоолонд хэрэглэгддэг сүмснүүдийг үйлдвэрлэдэг болжээ. Энэ бол Чеюг Букким хийхэд хэрэглэгддэг сүмс. Амттай сайхан санагдсан шүү. Энэ сүмс байхад солонгос хоолонд хэрэглэгддэг олон төрлийн амтлагч, бор сахар, гочужанг гэх мэтийг хайж цаг, мөнгөө гарздах хэрэггүй боллоо. Чеюг Букким хийхэд ордог бүхий л төрлийн амтлагчыг нэг дор цогцлоож хийсэн сүмс гэсэн үг. Бөмбөгөр болон бусад хүнсний захуудын амтлагч, ногоо зардаг лангуунууд дээр 2000-3000 төгрөгийн хооронд зарагдаж байна лээ шүү. Үнэ ч боломжын байгаа биз дээ.

2. Ингээд дээрх сүмсийг ашиглан хэрхэн амтат Чеюг Букким хийх аргыг сурцгаая. Гахайн махыг үмхэх хэмжээгээр хэрчинэ. Тасалгааны температурт гэсгэлэн байх хэрэгтэй шүү. Махан дээр сүмсийг хийж сайтар холиорой. Хэр халуун идэхээсээ шалтгаалж сүмсний хэмжээг тааруулаарай. Илүү чихэрлэг талдаа идэхийг хүсвэл сүмсэн дээр элсэн чихэр тааруулан нэмж хольж бас болно. Маханд сүмсний амт шингэж байх хооронд ногоогоо бэлтгэе.

3. Олон өнгийн чинжүү болон сармисны голыг угааж цэвэрлээд хэрчинэ. Уг нь сармисны голны оронд ногоон сонгиныг урт нарийн хэрчиж хэрэглэдэг. Мөн чинжүү хэрэглэлгүйгээр зөвхөн гахайн мах болон ногоон сонгино хэрэглэх нь үндсэн жор боловч хоолыг баяжуулан чинжүү хэрэглэж болно. Гэхдээ ногоон сонгино байхгүй бол сармисны гол хэрэглэж болно. Сайхан амттай болно.

4. Хайруулын тавганд ургамлын тосыг хийж халаасны дараа дөрвөлжин хэрчсэн бөөрөнхий сонгиныг хийж 2-3 минут хуурна.

5. Дараа нь сармисны голыг хийж зөөлөртөл нь 3-4 минут хуураарай.

6. Үүний дараа сүмсээр амталсан махыг хийж дунд зэргийн гал дээр хуурч эхлэнэ.

7. Мах хийснээс 5 минутын дараа чинжүүг хийж хуурна.

8. Ингээд 10-15 минутындараа мах, ногоо зөөлөрч эхлэнгүүт галын хэмийг арай зөөллөж таглаж тавиад үе үе хутгаарай.

9. Нийт 20-25 минут хуурч болгосны дараа мах, ногоо бүрэн болсон эсэхийг амсаж үзээд галаас гаргана. Хоолыг гүнжидийн үр цацаж амтлавал илүү сайхан.

10. Агшаасан цагаан будаа болон бусад хачируудаар хачирлан амтархан идэхэд бэлэн боллоо.

3. Солонгос кимчитэй гоймон

ОРЦ:

  • Бэлэн гоймон 2 ширхэг
  • Ус 3 цайны аяга
  • Кимчи 1/2-1 цайны аяга
  • Давс 1/4-1/2 цайны халбага
  • Халуун чинжүү 1/4-1/2 цайны халбага
  • Гүнжидийн тос 1 цайны халбага
  • Цагаан будааны цуу 1 цайны халбага
  • Сой соус 1 цайны халбага
  • Паприка 1 цайны халбага
  • Дүпү 50-60 гр

ХИЙХ АРГА:

1. Төмөр тогоонд 3 цайны аяга цэвэр ус, кимчи, гүнжидийн тос, будааны цуу, сой соус, паприка, халуун чинжүү, хэрчсэн дүпү, давсыг гал дээр халаангаа сайтар хутгаж хуурна.

2. Шөл халаад эхлэмэгц гоймонг хийнэ. Ингээд гоймон хийснээс хойш шөл буцласны дараа 5-7 мунит зөөлөн гал дээр буцалгаж гоймонг зөөллөнө.

3. Хэрвээ та гоймонтой шөлөө өөрийн хүссэн амтанд тохируулан халуун ногоотой, өтгөн болгохыг хүсвэл солонгосын халуун чинжүүний амтлагчуудаас сонгон шөлийг нэмж амтлаж болно шүү.

4. Ингээд л гоймонг амсахад болсон байвал галаас гаргаарай.

5. Энэхүү шөлийг хэрчсэн ногоон сонгино болон өндөг, зайдас, хиам, гахайн утсан мах зэргээр хачирлан амтлаж болно гэдгийг санаарай.

4. Луувангийн хачир

ОРЦ:

  • Лууван 400-450 гр
  • Сармис 4 хумс
  • Давс1/2 цайны халбага
  • Хар перц 1 цайны халбага
  • Элсэн чихэр 1 хоолны халбага
  • Цуу 2 цайны халбага
  • Ургамлын тос 30 мл

ХИЙХ АРГА:

1. Лууванг угааж хальслана.

2. Урт нарийн хэрчинэ. Сармисны хумсыг аль болох жижиглэж хэрчинэ. Нухаж жижиглэж болно. Нухсан сармисыг хэрчсэн лууван дээр хийнэ. Мөн давс, элсэн чихрийг хийнэ.

3. Хар перц хийнэ. Кориандер байвал амтлаж хийгээрэй. Гэхдээ заавал хийх шаардлагагүй. Мөн цуу /уксус/ хийнэ.

4. Хамгийн сүүлд багахан зэрэг ургамлын тосыг хийж сайтар хутгаж холиод хөргөгчинд хийж 1 цаг орчим байлгасны дараа хачир болгон идэхэд тохиромжтой.

5. Кимчиний хачир бэлтгэх жор

ОРЦ:

  • Байцаа 900 гр
  • Сармис 1/4 цайны аяга
  • Ногоон сонгино 80-90 гр
  • Лууван 1 ширхэг
  • Давс 1/4 цайны аяга
  • Ус 1 цайны аяга
  • Элсэн чихэр 1 хоолны халбага
  • Халуун чинжүү 1/3 хумс
  • Загасны сүмс 1/4 цайны аяга

ХИЙХ АРГА:

1. Кимчийг заавал напа байцаагаар хийж удаан хугацаанд дардаг хэмээн ойлгож болохгүй. Энэхүү жороор та 30 минутын дотор кимчи хийж тэр даруйд нь хоолтойгоо хачирлан идэх боломжтой болох юм. Ингэхийн тулд энгийн ногоон байцааг ашиглана. Байцааг гадна талаас нь хүйтэн усаар сайтар угаасны дараа урт нарийн хэрчинэ. Ингээд 1 цайны аяга ус, 1/4 цайны аяга давс хийж гараараа сайтар базаж хольсны дараа 10 минут амраагаарай.

2. Энэ хооронд 1/4 цайны аяга халуун чинжүү, элсэн чихэр, загасны сүмс, лууван, жижиглэн хэрчсэн сармис, ногоон сонгиныг хэрчихэд бэлтгэнэ.

3. Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг урт нарийн хэрчиж сайтар хольж хутгана.

4. Байцаан давстай уснаас шүүж гаргаад цэвэр усаар 2 удаа зайлж угаасны дараа усыг сайтар хатаана.

5. Ингээд байцааг кимчиний амтлагчтай хольж сайтар хутгана.

6. Кимчийг хүнсэнд шууд хэрэглэж болох ба эсвэл агаар орохооргүй битүү саванд хийж хөргөчинд хадгалан хэрэглэж болно. 7-14 хоног даршилсан ч болно.

6. Дүпүгээр хачир бэлтгэх жор

ОРЦ:

  • Дүпү 280-300 гр
  • Өндөг 2 ширхэг
  • Давс 1/2 цайны халбага
  • Кимчи 80 гр
  • Ногоон сонгино 15 гр
  • Гурил 50-60 гр

Хийх арга:

1. Дүпүг өмхөх хэмжээгээр хавтгай дөрвөлжин хэрчинэ.

2. Хэрчсэн дүпүг хуурай гуриланд өнхрүүлсний дараа давслаж миксэрдсэн өндгөнд сайтар булхуулна.

3. Ингээд хайруулын тавгыг зөөлөн гал дээр халааж маслоор өнгөцхөн тослосны дараа дүпүг зөөлөн гал дээр шарлатал нь эргүүлж тойруулан шараарай.

4. Ингээд л халуун амтлагч сүмс эсвэл кимчиний шүүс, сүмсэнд хийж хутгаад ногоон сонгиноор хачирлаад идэж болно.

5. Дангаар нь кетчуптэй хачирлан идэж ч болно. Энэхүү хачир нь шарсан хуурсан мах ихтэй хоолонд амттай хачир болдог.

7. Өндөгний ороомгон хачир

ОРЦ:

  • Өндөг 3 ширхэг
  • Лууван 15 гр
  • Сонгино 10 гр
  • Ногоон сонгино 10 гр
  • Давс 1/3 цайны халбага
  • Хар перц 1/4 цайны халбага
  • Сүү 1 хоолны халбага

Хийх арга:

1. Өндөгний ороомгонд орох хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлтгэнэ. Лууван болон бөөрөнхий сонгино, ногоон сонгиныг жижиглэн хэрчинэ.

2 . Эхлээд өндгийг хагалаж хийгээд дээрээс нь сүү, давс, перц хийж сайтар миксэрдэнэ.

Ингээд хэрчсэн ногоонуудыг өндгөнд хийж халбагаар сайтар хутгана. Аажмаар, зөөлөн халаасан хайруулын тавгыг тослож өндгийг хайрч болно эсвэл өөрөөр нь хайрч болно.

4 . Ингээд хутгаж хөдөлгөлгүйгээр шарахад аяндаа биежиж болоод ирнэ. Ингээд нэг захаас нь эхлэн орооно.

5 . Дараа дараагийн өндөгний ороомгийг энэ мэтчилэн шарна.

6. Идэх хэмжээгээрээ нарийн хэрчиж таваглаад л ямар ч хоолны хөнгөн, амттай хачир болох болно.

Хөл хорионы үеэр танд уйдах зав олгохгүй хийж болох 15 зүйл

Previous article

Бүх хөрөнгөө ядууст хандивласан тэрбумтан

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн