Зөвлөгөө

Хялбархан хийгээд аваад явж болох 4 төрлийн зуушны жор

0

Таны хүүхэд найзуудтайгаа, ангийнхантайгаа нэг өдрийн аялалд явахаар шийдсэн бол амттай, хийхэд амархан, олуулаа хувааж идэхэд тохиромжтой дараах 4 зуушны санааг танд санал болгож байна.

1.Кимбаб

Кимбабгүй аялал гэж хаа байх билээ? Гэхдээ тасархай амттай кимбабыг хэрхэн хийдгийг мэдэх үү? 6 хүнд зориулсан кимбаб хийх хялбархан аргыг танилцуулж байна.

Орц:

  • Будаа – 300 гр
  • Далайн байцаа – 225 гр
  • Лууван – 2 ширхэг
  • Хиам – 150 гр
  • Бууцай – 120 гр
  • Өндөг – 3 ширхэг
  • Давс – 1.5 ц/х
  • Перц – 1.5 ц/х

Хийх арга:

Будаагаа агшаана. Цагаан будаа, бор будаа ч байж болно. Агшаахын өмнө будааг угааж давслаад, бага зэргийн оливын тос хийж агшаана. Будааг бага зэргийн нялцгайвтар агшаасан байхад тохиромжтой бөгөөд сайн барьцалддаг.

Луувангаа угааж цэвэрлээд урт нарийн хэрчиж зөөлөн гал дээр оливын тосонд давс, перцээр амталж зөөлөн болтол нь хуураарай.

Бууцайгаа халуун усанд 2-3 минут буцалгаж дараа нь хүйтэн усанд сойно.
Өндгийг хагалж шар цагааныг нь сайтар хольж давс, перцээр амтлаад хутгасны дараа зөөлөн гал дээр оливын тосонд шарж болгоно. Шарахдаа аль болох нимгэн шараарай.

Шарсан өндгөө урт нарийн зүснэ. Амталж чанасан үхрийн махыг урт нарийн хэрчээрэй. Эсвэл хиам, гахайн утсан мах, хулуу, кимчи, загасны мах ч байсан болно. Түүнчлэн нэмж хиймээр санагдсан хүнсээ сонгож хийж болно. Сайн чанарын далай байцаа тэр дундаа кимбаб хийх зориулалттай хатаасан далайн байцааг сонгоорой. Далайн байцаан дээр агшааж, хөргөсөн будааг жигд нимгэн тараана. Кимбаб хийхээр сонгосон хүнсний бүтээгдэхүүнүүдийг уртаар нь дарааллуулан тавина. Ингээд зориулалтын хулсан ороогч ашиглан ороож эхэлнэ. Эсвэл энгийн гялгар уут, цаас ашиглаж ороож болно. Гараараа атгаж сайтар барьцалдуулаарай. Ингээд ороож бэлэн болсон кимбабаа нэгэн жигд хэмжээтэй хэрчээд л идэхэд бэлэн болно.

2. Бүрж, шарсан алим

Урьд өмнө нь бүрж шарсан алим гэж сонсож байсан уу? Өег бөгөөд амттай энэ зууш таны хүүхэд болон түүний найзуудад таалагдана гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Үүнийг хийхэд та ердөө 20-хон минут л зарцуулна. Нийт 10 хүүхдэд зориулсан орц танд санал болгож байна.

Орц:

  • Алим – 10 ширхэг
  • Элсэн чихэр – 850 гр
  • Гурил – 900 гр
  • Өндөг – 5 ширхэг
  • Ус – 15 гр
  • Ургамлын тос

Хийх арга:

Өндгөө хагалж хольсны дараа гурил болон 2 хоолны халбага цэв хүйтэн ус хийж барьцалдуулахгүйгээр сайтар холино.

Алимыг хальслаад 4-6 хэсэг болгон хэрчинэ. Хэрчсэн алимыг элсэн чихэрт хийж сайтар бүрнэ.

Алимаа өндгөн зуурмагтаа хийж сайтар хутгаж бүрхэнэ.

Сайтар халаасан халуун тосонд хийж шарах ба гадна талаасаа алтан шаргал өнгөтэй болтол шараад тосноос гаргаж хөргөнө.

Ингээд Nutella-нд дүрж амтархан зооглоход бэлэн болно.

3. Төмсний нухаштай шарсан зайдас

Хэт их чихэрлэг зүйл аялалд авч явах нь хүүхдийн дотрыг эвгүйтүүлэхээс гадна өлссөн үед нь түүнд махан зууш л хань болно. Тиймээс хайртай үрдээ заавал махан зууш бэлдэж өгөөрэй. 5 хүний орц танд санал болгож байна.

Орц:

  • Зайдас – 5 ширхэг
  • Төмс – 7 ширхэг
  • Масло – 70 гр
  • Ургамлын тос – 200 мл
  • Сүү – 150 мл
  • Давс
  • Хар перц

Хийх арга:

Төмсөө угааж, цэвэрлэн хальслаад 1 цайны халбага давс хийсэн 500мл цэвэр усанд зөөлөн гал дээр 30 минут буцалгаж, чанана.

Болсон төмсөө уснаас гаргаж нухна. 2-3 чимх давс хийж сайтар холиорой.

Ингээд халуун төмсөн дээр масло хийж сайтар хутгаж холино. Масло амархан хайлна.

Сүү хийж сайтар холино. Нухшийг амсаж үзээд давс, хар перцээр дахин амталж болно. Төмсний нухаш хуурай үйрсэн бус харин барьцалдсан болох ёстой тул сүү, масло хийхдээ сайтар анхаараарай.

Ингээд төмсний нухаш наалдахааргүй мөнгөлөг цаас, даавуу гэх мэтээс сонгон дэвсээд дээр нь төмсний нухшыг жигд хэмжээтэйгээр нялж түрхэнэ. Зайдасыг нэг талаас нь ороож хуйлж эхэлнэ.

Сайтар барьцалдуулж 10-12 минут амраана.

Дараа нь торноос салгаж хөндлөн хэрчинэ.

Аяганд өндгийг хагалж холиод хар перц, давс, улаан чинжүү болон өөрийн дуртай амтлагчаар амтална. Ингээд зайдастай ороомог тус бүрийг өндгөнд дүрж норгоно.

Хайруулын тавганд ургамлын тосыг сайтар халаасны дараа төмстэй зайдсыг хийж бор шаргал өнгө ортол нь хоёр талаас нь шарна.

Ийнхүү амтат төмсний нухаштай шарсан зайдасны ороомог бэлэн боллоо.

4. Амталж шарсан луувантай, махан зууш

Маш богино хугацаанд амттай зууш бэлдэж өгөх гэж байгаа бол гуравхан төрлийн орцтой 15-хан минутад бэлэн болох зууш бэлтгэх зааврыг хүргэж байна. Тус заавар нь 3 хүнд хангалттай хүрэлцэнэ.

Орц:

  • Мах – 550 гр
  • Лууван – 2 ширхэг
  • Чинжүү – 2 ширхэг
  • Ургамлын тос
  • Сонгино – 2 ширхэг
  • Хар перц – 1.5 ц/х
  • Давс – 1.5 ц/х
  • Гурил – 3 ц/х
  • Элсэн чихэр – 1.5 ц/х
  • Сой соус – 75 мл

Хийх арга:

Үхрийн цул махыг урт нарийн хэрчинэ. Эсвэл хонь болон гахай, тахиан махыг ч ашиглаж болно. Саванд 1 цайны халбага ургамлын тос, сой соус, хуурай гурил, ус, давс, элсэн чихэр, хар перцийг хийж сайтар хутгаж өтгөн сүмс болгосны дараа хэрчсэн махыг хийж сайтар хутгаад 30 минут амраана.

Энэ хооронд хайруулын тавганд 2 хоолны халбага ургамлын тос хийж халаагаад урт нарийн хэрчсэн лууван болон чинжүүг хийж дунд зэргийн гал дээр зөөлөртөл нь хуурна. Бага зэрэг давсалж амтлаарай.

Ингээд жижиглэн хэрчсэн сонгиныг хийж 2 минут хуурна. Ногоог галаас гаргаж хөргөнө.

Ногоо хуурч байсан хайруулын тавгыг угаалгүйгээр амталсан махыг хийж шарж эхэлнэ. Бор хүрэн болтол шарна.

Ингээд дээрээс нь хуурсан ногоогоо хийж болтол нь хуурч шараарай.
Эцэст нь гаатай бохь заавал өгч явуулаарай. Дотор эвгүйрэх, хоол шингээх, амны эвгүй үнэр дарах, амьсгаа давхцах гээд олон тулгарах асуудлуудад туслах болно шүү.

Балгас мэт газрыг тэс өөр болгосон хүмүүсийн “Өмнө ба дараа” загварууд

Previous article

Нүүрний арьс хөгширч, унжихаас сэргийлэх шилдэг 5 йог

Next article

You may also like

Comments

Leave a reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн